МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО

 1931 оноос Улаанбаатар хотод, 1934 оноос орон даяар  радио өргөн нэвтрүүлэг явуулж эхэлсэн.

80 гаран жилийн түүхтэй МҮОНР нь ОНРТ-ийн тухай Монгол улсын хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлсэн хөтөлбөрийн бодлогоо боловсруулж, хүн амын олонхид зориулсан программыг газар нутгийн дийлэнх хэсэгт тасралтгүй түгээж, анх байгуулагдсан цагаасаа үндэсний мэдээллийн хэрэгслийн үүргийг биелүүлсээр ирсэн юм.

Одоо МҮОНР нь 3 сувагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

I СУВАГ МОНГОЛЫН РАДИО 

 Нийгмийн бүх давхаргын олон зорилтот бүлэгт чиглэсэн баялаг агуулгатай 17 цагийн программ бэлтгэн өдөр тутам дамжуулж байна. Олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэн, нийт үндэсний эрх ашгийг дээдэлж, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, өв соёл, зан заншил, урлаг, спортын өргөн хүрээг хамарсан, нийгмийн олон зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрийн бодлого хэрэгжүүлдэг. Хурд мэдээний агентлаг, Нийгмийн нэвтрүүлгийн редакц, урлаг соёлын редакц, цэнгээнт нэвтрүүлгийн редакц, хүүхэд залуучуудын редакц, найруулагч нэвтрүүлэгчдийн алба гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.

2015 онд программын суурь шинэчлэл хийж, өдөр тутмын хөтөлбөрийн 45 хувийг шууд бэлтгэн дамжуулах болсон. Тэнхлэг хөтөлбөрийг бий болгож, ажлын өдрүүдэд төрөлжсөн агуулгатай 6 цагийн цогц хөтөлбөр явуулж байна. 

  • Даваа гарагт Гэр бүр, үр хүүхэд, ёсзүй
  • Мягмар гарагт Боловсрол, сургууль, хүүхэд хамгаалал
  • Лхагва гарагт Үйлдвэрлэл, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин
  • Пүрэв гарагт Соёл урлаг, түүх, ёс заншил
  • Баасан гарагт Улс төр эдийн засаг, хууль зүй 

II СУВАГ МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ РАДИО

Монголын Дуу Хоолой радио 1964 онд байгуулагдсан. Монгол улсын гадаад сурталчилгааны үндсэн сувгийн нэг. ОНРТ-ийн тухай хуулийн 3.3-т “олон нийтийн радио, телевиз гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээнэ”, 4.2.3-т “гадаад хэлээр радио телевизийн нэвтрүүлэг явуулах үйл ажиллагаа” хэмээн Монголын дуу хоолой радиогийн үүргийг тодорхойлсон. Тус радио нийтлэл нэвтрүүлгийнхээ бодлого, агуулгыг “Монгол улсын гадаад бодлогыг үзэл баримтлал”-д нийцүүлэн гаргадаг. 

 “Монголын дуу хоолой радио  монгол, англи, орос, хятад, япон хэлээр өдөр бүр нийт 5 цагийн нэвтрүүлэг бэлтгэн богино долгионоор (short-wave) болон vom.mn бэб сайтаар дамжуулан гадаадын сонсогчдод хүргэж байна. “Монголын Дуу Хоолой радио дэлхийн 40 гаруй орны сонсогчдоос захидал, и-мэйл хүлээн авч, сонсогчидтойгоо байнгын харилцаа холбоотой ажилладаг.

III СУВАГ Р3 РАДИО 

Р3 радио нь Швейдийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг SIDA байгууллагын дэмжлэгтэйгээр, МҮОНР, Шведийн Олон Нийтийн радиогийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд 2008 онд байгуулагдсан.

"Сэтгэгч, бүтээгч, манлайлагч залуусыг дэмжье" уриатай залуусын радио Р3 суваг нь нийгмийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хийж бүтээх хүсэл тэмүүлэлд уриалан дуудах, эерэг бодол хандлага төлөвшүүлэх үзэл санааг хөтөлбөртөө тусгадаг. Өдөр бүр нийт 16 цагийн программ бэлтгэн хүргэж байна. Программын зонхилох контент нь дуу хөгжим, мэдээ мэдээлэл, цэнгээнт шоу хөтөлбөр юм. 

Манай долгионууд: 

I суваг: (орон даяар) 164 кГц, 209 кгц, 227 кгц-ийн урт,  882 кгц-ийн дунд, Улаанбаатарт 106 Мгц хэт богино долгионоор,

II суваг:  (орон даяар) 7260 кгц, 4830 кгц, 4865 кгц, 4895 кгц-ийн богино    долгионоор манай нэвтрүүлгүүдийг хүлээн авч сонсож болно.

III  суваг:  Улаанбаатарт 100,9 мГц -ийн хэт богино долгионоор нэвтрүүлгээ дамжуулж байна.

 Хийгдэж буй шинэчлэл

2016 оноос онлайн радиог хөгжүүлэх эхлэл тавьсан. Нэвтрүүлэг бүрт тохирсон постер хийж сүлжээний орчинд аудио форматаар, 2017 оноос видео форматаар шууд дамжуулж эхэлсэн. Мэдээллийн хэрэгсэл даяаршин нийлэгжиж буй энэ цаг үед радиог сонсдог, үздэг, уншдаг болох хөгжлийн шийдэл рүү өөрийн гарцыг хайж, эхний алхмуудаа хйиж байна.