МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүд уран бүтээлчидтэй уулзлаа

УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 19-ны хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний  зөвлөлд шинээр таван гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж, олонх дэмжсэн. Тодруулбал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Тиймээс Үндэсний зөвлөлд Ерөнхийлөгчийн зүгээс төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцанг дэвшүүлсэн. Харин УИХ-аас С.Алтанцэцэг,  В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг сонгож, дэвшүүлсэн.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах болон шинэ гишүүд өнөөдөр олон нийтийн радио, телевизийн  удирдлага, уран бүтээлчидтэй уулзаж, санал сэтгэгдэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлого чиглэлийн талаар мэдээлэл солилцлоо.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Өлзийбаатар нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн, төрийн шагналт, түүхийн ухааны доктор. Тэрбээр Баянхонгор аймагт түүхийн багш, Улсын төв архивд архивч, Цагаатгалын комисст судлаач, Архивын ерөнхий газрын дарга, дэд дарга, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2016 оноос МУИС-ийн ШУС-ийн түүхийн тэнхимийн багш, судлаачаар ажиллаж байв.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Н.Жанцан нь 1948 онд Сүхбаатар аймагт төрсөн, хууль зүйн докторын зэрэгтэй, Цэргийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Улсын прокурорын газарт хэлтсийн дарга, МАХН-ын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 1990-1992 онд  Улсын бага хурлын гишүүн, 1992-2018 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч даргаар ажилласан.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг нь ОХУ-ын Ждановын нэрэмжит сургуульд бакалавр, Берлиний Гумбольдын их сургууль, АНУ-ын Сеатле хотын их сургуульд магистр хамгаалсан. МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" агентлагт сурвалжлагч, редактор, ОХУ-д суугаа тусгай сурвалжлагч, МОНЦАМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн В.Бат-Эрдэнэ нь Эрхүүгийн Улсын их сургуулийг сэтгүүлч, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын радиогийн дарга, радиогийн “Хурд” агентлагийн захирал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны захирал зэрэг алба хашиж байсан.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Батсүх МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг дүүргэсэн. Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч-өмгөөлөгч юм.

Дээрх уулзалтын дараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнээс сэтгэгдлийг нь сонслоо.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатар “Өнөөдөр Үндэсний зөвлөлийн бусад шинэ гишүүдийн хамт олон нийтийн радио, телевизийн нийт уран бүтээлчид, уулзаж, хамтран хэрэгжүүлэх ажлын саналаа хэллээ. Өнөөгийн Монголын нийгэмд радио, телевизийн тэр  дундаа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх үүрэг маш чухал. Телевиз, радио бол нийгмийн сэтгэлзүйг зөв залах, хүмүүсийн ухамсарт нөлөөлөх том хэрэгсэл. Тиймдээ ч МҮОНРТ-ийг улс төр, улс төрчдөөс хараат бус болгосон байх. МҮОНРТ Олон нийтийн радио, телевизийн тухай хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэлээ ч энэ байгууллагын нийгэмд үзүүлдэг нөлөө асар их учир аливаа нэг улс төрийн нам, хүчин, улс төрчид ямар нэг байдлаар нөлөө үзүүлэхийг хүсдэг. Тэгэхээр гол хэрэгжүүлж ажиллах зарчим бол телевиз, радиогийн уран бүтээлчид хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах, сэтгэлгээ нь чөлөөтэй байх ёстой. Үүндээ таарч тохирсон цалин урамшуулал хүртэж байх ёстой.” гэлээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг “Би МҮОНРТ-ийн хамт олонтой ажиллахаар эргэн ирж байгаадаа өөрийн зүгээс маш их баяртай байна. Миний ажил амьдралын гараа энэ байгууллагаас эхэлсэн. Тухайн үед техник технологийн өөр нөхцөл байдалтай байсан учир ажил дээрээ хонож монтаж хийх, чөлөөт цаг, амралтын өдөр ч ажил дээрээ өнжиж байсан. Өнөөдөр техник технологийн дэвшил өсөн нэмэгдсэн. Уран бүтээлчид шинэ, сайн технологийг түлхүү ашиглаж байна. Радио, телевизэд ажилладаг уран бүтээлчийн тархи толгой хэзээ ч амардаггүй. Ажлын бус цагаар ч уран бүтээлээ бодож байдаг. Тийм дээ ч цаг нараа харамладаггүй, сэтгэлтэй л хүн тогтож ажилладаг.

Уран бүтээлчдийг уран бүтээлд нь төвлөрүүлж ажиллуулахын тулд тэдний нийгмийн асуудлыг шийдсэн байх ёстой. Миний бодлоор МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн дундаж цалин хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхэлж буй хүмүүсийн цалингаас дээгүүр байх ёстой. Учир нь оюун санааны хөтөч, нийгмийг боловсруулж, хөтөлдөг учир хамгийн авьяастай, сэтгэлтэй хүмүүс энд ажилладаг. Бусад нь ч хичээж ажиллах болно. Цаашдаа радио, телевизийн сэтгүүлч, уран бүтээлчдийн нийгмийн асуудалд анхаарч уран бүтээлийн өндөр амжилт гаргахад нь дэмжлэг, үзүүлж, хамран ажиллана” гэсэн юм.







Бусадтай хуваалцах

Сэтгэгдэлүүд