МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ

 2005 оны 01-р сарын 27-ны өдөр Монголын ард түмэнд үйлчлэх  олон нийтийн радио, телевизийг  үүсгэн байгуулж, түүний зорилго, зохион байгуулалт, үйл  ажиллагааны зарчим,  эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын үндсийг  тодорхойлсон “Олон нийтийн Радио, телевизийн тухай” хууль батлагдсанаар Монголын үндэсний радио, Монголын үндэсний телевиз, ”Монголын мэдээ” агентлаг, Радио, Телевизийн Хэрэг Эрхлэх Газаруудыг нэгтгэн “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз” хэмээх олон нийтийн статустай анхны радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн байгууллага байгуулагдсан.

Түүхэн товчоон:
 
Манай байгууллагын түүх нь  Монгол улсад Радио төв байгуулагдсан үеэс буюу 1933 оноос эхлэх бөгөөд он цагийн дарааллаар дурьдвал:
1936 он Радио харилцааны хэлтэс
1938 он Радио хэлтэс
1940 он Радио нэвтрүүлэх газар
1947 он Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулгын хороо
1956 он Соёлын  яамны дэргэдэх Улсын радио хороо
1958 он Улсын радио хороо
1959 он Мэдээллийн ба Радиогийн хэрэг эрхлэх газар
1960 он Мэдээлэл радиогийн улсын хороо
1967 он Мэдээлэл, радио, зурагт радиогийн улсын хороо
1970 он Мэдээлэл радио телевизийн улсын хороо
1990 он БНМАУ-ын радио, телевиз
1993 он Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газар
2005 оноос одоог хүртэл Монголын үндэсний олон нийтийн радио телевиз
хэмээн өөрчлөн зохион байгуулагдаж  үйл ажиллагаагаа явуулж байна.
 Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз  нь “Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн дагуу байгуулагдаж, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус  хуулийн этгээд юм.
 
 
 
 Хөтөлбөрийн бодлого:
  1. Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг  хүндэтгэх;
  2. Улс төр, шашин, нийгэм, эдийн засгийн олон ургальч үзэл бодлыг хүндэтгэж, тэдгээрийг тэгш илэрхийлэх;
  3.  Үндэсний  соёл,  урлаг, түүх, ёс заншил, уламжлалыг  хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалахыг дэмжих;
  4. Энх тайвныг сахин хамгаалахыг тууштай дэмжих,  улс орнуудын хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг  бэхжүүлэх;
  5. Соёл, урлагийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц уран бүтээлийн бүх хэлбэрийг дэлгэрүүлэн хөгжүүлэх;
  6. Хувь хүний болон нийгмийн хөгжлийг дэмжих, ялангуяа хүүхэд, залуучуудын оюуны болон бие бялдрын хөгжилд онцгой анхаарах;
  7. Үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлэг, давхаргын болон олон нийтийн эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хангахыг эрмэлзэх  /Олон нийтийн Радио, телевизийн тухай хуулийн 8.2/
 
                          Зохион байгуулалт бүтэц
Удирдах дээд байгууллага:  Үндэсний зөвлөл  нь  олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд  15 гишүүнтэй.
 
Yндэсний зөвлөл нь олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны  үндсэн зорилт, стратеги  төлөвлөгөө, тухайн жилийн  төсвийн төслийг хэлэлцэх,  Монгол Улсын төсөвт тусгуулах,  олон нийтийн радио, телевизийн техник, технологийн сүлжээг хөгжүүлэх, техникийн хангамжийн бодлогыг тодорхойлох, олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр энэ хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.
 
Ил тод байдал: Олон нийтийн радио, телевиз жил бүр  үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан, санхүүгийн жилийн тайлан, аудиторын  дүгнэлтийг өдөр тутмын сониноор болон  нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлдэг. MNB.MN сайт-аас үзэж болно.